Манай цахим хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлэн нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье!

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн Соёл, Урлагийн Газар” нь соёлын талаарх төр, орон нутгийн бодлого, Засаг даргын соёл, урлагийн чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, иргэд болон байгууллагуудад соёл, урлагийн чиглэлийн төрийн үйлчилгээг хүргэх олон талт үүргийг гүйцэтгэдэг.

Улаанбаатар хот олон улсын жишгээр метрополитан буюу нэг саяас дээш хүн амтай, том хотын тоонд ороод багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдөр зөвхөн байнгын оршин суугчдын тоо 1 сая 400 мянга, түр оршин суугчид болон зорчин явагчдын тоо улирлаас хамааран 400 мянга хүртэл тоогоор нэмэгдэж, их хот маань эдийн засаг, улс төр, олон улсын харилцааны төв цэг болж, өдрөөс өдөрт хөгжин цэцэглэсээр байна.

Нийслэл хотод оршин сууж буй уугуул иргэд болон суугуул иргэд гэдгээс үл хамааран, хэрэв Та яг энэ цаг мөчид Улаанбаатар хотод байгаа л бол Монгол үндэсний соёл, өв, уламжлалыг XXI зууны хөгжил, дэвшилтэй хослуулан, дэлхийн жишгээр өндөр хөгжилтэй, үлгэр жишээ соёлтой Нийслэлийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.